49 хувийг төрд шилжүүлсэн шийдвэрийг Эрдэнэтийнхэн дэмжиж байгаа

Хамаарах огноо: 2017-03-31 10:09

49 хувийг төрд шилжүүлсэн шийдвэрийг Эрдэнэтийнхэн дэмжиж байгаа

- Та Монгол-Польшийн парламентын бүлгийн даргаар ажилладаг. Саяхан Польш яваад ирсэн гэж сонслоо. Ямар ажлаар явсан юм бэ?

-УИХ-ын таван гишүүн болон УИХ-ын Тамгын газар, яамдын төлөөлөл Польшид айлчилсан. Яагаад ч юм Польш, Монголын харилцаа парламентаар явж ирсэн юм билээ. Сая хоёр орны Засгийн газар хоорондын комиссыг байгуулж Монголын талын даргаар нь Сангийн дэд сайд Х.Булгантуяа томилогдсон. Ер нь энэ удаа Польш, Монголын эдийн засаг болон улс төрийн харилцааг дахин сэргээх зорилготой байсан. Польшийн талаас Улаанбаатар хотод Элчин сайдын яамаа нээе гэж байгаа. Энэ жилдээ нээх байх. Түүнчлэн 50 сая еврогийн хөнгөлөлттэй зээл авах асуудал яригдсан. Энэ зээлийг ашиглаж чадах юм бол цаашдаа 150 сая евро хүртэл нэмж өгье гэсэн. Зээл жилийн 0.1 хувийн хүүтэй, 28 жилийн хугацаатай. Эхний таван жилд хүү, зээл аль алийг нь төлөхгүй. Манай сүүлд гаргасан бондын хүү 8.75 байгаа шүү дээ. Тэгэхээр бас нэлээд хөнгөлөлт үзүүлж байгаа гэж ойлгож болно. Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед бидэнд хөнгөлөлттэй зээл хэрэгтэй. Бид сая эцэслэж гарын үсэг зурсан. Хаврын чуулган эхлэхээр хэлэлцээд соёрхоод баталчих байх гэж бодож байгаа. Мөн Польшид уламжлалт анагаах ухааны чиглэлээр 120 орчим монгол эмч ажилладаг юм байна. Тэдэнтэй уулзаж сүүлийн үед болсон үйл явдлууд, эдийн засгийн хүндрэлийн үед авч байгаа арга хэмжээнүүдийг ярьж, асуултад нь хариулсан. Польшид 1000-аад монгол хүн амьдардаг юм байна. Бид Польшид ажиллаж байгаа монгол иргэдийн ажил олгогч нь нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлж байхаар болгосон. Тодруулбал, Польшид хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс тэнд болон Монголд тэтгэвэр авч болох боломжтой болсон гэсэн үг.

-Хөнгөлөлттэй зээлийн нөхцөл нь ямар байх юм бол. Польшид үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг худалдаж авахад зориулах ёстой юу?

-Зээлийн 65 хувийг нь Польшийн тоног төхөөрөмжийг худалдаж авахад зориулах ёстой. Үлдэж байгаа 35 хувьд нь Монголын аж ахуйн нэгж компаниуд оролцож болно. Барилга байгууламжийн ажлуудыг нь хийх зэрэг зүйлс байна. Польшийн хувьд хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн чиглэлд гадаадад гаргадаг технологи, ноу хау байдаг юм байна. Түүнийг нь үзэж Монголд нутагшуулах, хөрөнгө оруулалт оруулах асуудлыг л бид ярьцгаалаа. Энэ 50 сая евро хоёр орны харилцаанд дорвитой нэмэр болох юм. Ганцхан хөнгөлөлттэй зээлээс гадна, хөрөнгө оруулалт, арилжааны зээлийг Монголд оруулах асуудал давхар яригдсан. Польшийн бизнесийн төлөөлөлтэй уулзаж байх үеэр “Хөнгөлөлттэй зээлийг ашиглаж Монголд хөрөнгө оруулахаас гадна зээлгүйгээр ч өөрсдийн хөрөнгийг оруулъя” гэж олон хүн хэлж байна лээ.

-Зээлийн зарцуулалтын салбарыг нь тохирсон уу?

-Салбарыг нь үндсэндээ тохирсон. Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжүүд бий. Трактор угсрах үйлдвэр, хүнсний ногооны зоориуд орж ирнэ. Өнөөдөр хүн зоорьтой болж чадахгүй байна. Хэрвээ томоохон зоориудтай болчихвол ногоо тарьдаг жижиг аж ахуйн нэгжүүд ч ашиглалтын зардал, тодорхой түрээсийг нь төлөөд өвөл ашиглаж болно шүү дээ. Цэвэрлэх байгууламж байгуулна. Аймгуудын ундны усны цэвэрлэх асуудал маш хурцаар тавигдаж байгаа. Мөн сүү, сүүн бүтээгдэхүүний асуудал яригдсан. Санаж байвал дээхэн үед айл бүрт сүү цохиж цөцгий болгодог, цөцгийгөө цохиод масло болгодог машин байлаа шүү дээ. Тэр чинь Польшийн машин байсан. Иймэрхүү чиглэлээр тоног, төхөөрөмж оруулж ирэхээр болж байгаа. Дээрээс нь замын даланг бэхжүүлдэг шингэн үйлдвэрлэдэг үйлдвэр гээд Зам тээврийн хөгжлийн яамныхан яриад байгаа юм билээ. Польшийн нэг сайн тал нь Европын бусад тоног төхөөрөмжүүдийг бодоход арай хямд, дээр нь чанар нь адилхан.

-Чуулганы завсарлагаанаар тойрогтоо ажилласан байх. Иргэд намрын чуулганыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Намрын чуулганы дараа тойргоороо явж бүх баг, хороогоороо орсон. Манай тойрог Улаанбаатараас хол биш ч хүн ам ихтэй. Хүн болгонд хүрч ажиллахыг хичээлээ. Иргэдийн хувьд намрын чуулганаар гарсан цалинтай ээж, насны хишиг, 0-5 настай хүүхдийн эмийг үнэгүй олгохоос эхлээд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль гэх мэт нийгмийн чанартай зүйлс шийдсэнийг харьцангуй сайн хүлээж авч байна. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд шилжүүлэх шийдвэр гаргасныг Эрдэнэтийнхэн дэмжиж байгаа. Дээр нь “Та нар 65 суудал авчихаад дорвитой том том өөрчлөлтүүдийг хийж чадахгүй байна, шийдвэр гаргахдаа удаан байна. Өдөр ирэх тусам юмны үнэ өсч байгаа, ажилгүйдэл нэмэгдэж, албан байгууллагууд хаалгаа барих нь ихэслээ” гэдэг зүйлсийг хэлж байгаа.  Эдийн засаг одоо л нэг тогтох байдал үүсч байх шиг байна. Нэг тогтоод авбал өсөх талын юм хийж энэ оны сүүлээр харьцангуй гайгүй болох байх гэж бид бүгдээрээ найдаж байгаа. Үүнийг сайн ярьж, хэлж явлаа. Хүмүүс ОУВС-гийн хөтөлбөрт орохын тулд татваруудыг нэмэх, ялангуяа тэтгэврийн насыг цаашлуулах тухай асуудлыг эмзэг хүлээж авч байна. Тэтгэврийн нас тэдэн онд тийм болно гээд олон жилийн юм оруулж ирээд хүмүүсийг бухимдуулаад байх нь зохимжгүй юм болов уу гэж бодож суулаа. ОУВС-гийн тусламжтайгаар хямралаас гараад авбал хоёр, гурван жилийн дараа хөтөлбөрөөс гарчихна шүү дээ.

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авах тухай УИХ-ын тогтоолыг цаашдаа хууль шүүхээр нэлээд явна гэж таамаглах хүмүүс бий. Цэцэд гомдол гаргахаас эхлээд Арбитр хүртэл явах боломжтой гэх юм?

-Би 2008 онд УИХ-д орохоосоо өмнө “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан. Анх 23 настайдаа сургуулиа төгсөөд “Эрдэнэт” үйлдвэрт ирж ажиллаж эхэлж байж дээ. Миний амьдралтай салшгүй холбоотой зүйл. Тиймээс ч энэ сэдэв надад их эмзэг тусдаг. УИХ-аас гарсан шийдвэр дээр Ерөнхийлөгч хориг тавих эсэхийг ажиглаж байлаа. Хориг тавилгүй өнгөрлөө. Засгийн газар дээр Сангийн сайдаар ахлуулсан 49 хувийг төрд шилжүүлэх Ажлын хэсэг гараад ажиллаж байна. Үйл явц удааширч байгаа нь үнэн. Эргэлзэж байгаа зүйлүүд байх шиг байна. Ямар ч байсан ажлын явцыг харж байгаад шийдэцгээе. Гэхдээ Эрдэнэт үйлдвэрийн байдал ойлгомжгүй маш төвөгтэй байгаад байгаа.

-Тодруулбал?

-Үйлдвэрийн ажиллагаа хэвийн байгаа. Гэхдээ өнөөдрийг хүртэл бүтцээ баталж чадахгүй байна. Засгийн газраас томилсон ерөнхий захирлаас нь бусад бүх захирал, хэлтсийн дарга нарыг нь хуучин 49 хувийг авсан хүмүүс томилсон. Дээрээс нь тамга тэмдэг, мөнгө төгрөг гаргах юмнуудаа бараг 49 хувь нь мэдэж шийдэх гээд төвөгтэй байдалд байна. 49 хувийг нь төрд авах шийдвэр гаргаснаас хойш ТУЗ нь хуралдаж өгөхгүй байгаагаас бүтцээ батлах, томилгоо хийх боломжгүй болгочихсон. Эрдэнэтэд ажилллаж байхад үүнийг бол нэг талд нь гаргаж, шийдэж өгөөд явахгүй бол болохгүй нь ээ гэсэн сэтгэгдэл төрж байлаа.

-Удаашраад байвал ер нь ямар үр дагавартай юм бол?

-УИХ-ын шийдвэр нь гарсан бол Засгийн газар, “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг эзэмшиж байгаа Төрийн өмчийн хороо ажлаа хийгээд явах хэрэгтэй болно. Бодвол хувийн аж ахуйн нэгж 49 хувийг нь авахад маш олон процесс явсан болов уу. Хууль дүрэм нь ямар байдаг түүнийхээ дагуу шийдвэрээ гаргаад явна биз дээ. Ер нь жаахан удаан байна гэдэг нь харагдаж байгаа.

-Хаврын чуулганы эхэнд төсвийн тодотголыг хэлэлцэнэ. Тодотголыг тойрсон янз бүрийн байр суурь гараад эхэллээ л дээ. Зарим гишүүд нефтийн бүтээгдэхүүний онцгой албан татварыг нэмбэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өснө гэж байна. Таны хувьд хэрхэн харж байна вэ?

-Олон гарцууд байж магадгүй. Түүнийг зөв гаргаж ирэх хэрэгтэй юм болов уу гэж бодож байгаа. Нэг үнэн юм бий. ОУВС-гийн хөтөлбөрт орохгүй бол Монгол Улсын эдийн засгийн байдал бол сайжрахгүй гэдэг л үнэн. Хямралыг давж чадахгүй гэдэг нь үнэн. Тэгэхээр ОУВС-гийн хөтөлбөрт орж бага хүүтэй, урт хугацааны зээлүүдийг авч, өнөөдрийн өр зээлүүдийг хааж, төсвийг сахилга баттай болгох гээд энэ олон асуудлуудаа шийдэхээс өөр гарц байхгүй. ОУВС-гийн хөтөлбөрт орж сахилга баттай байснаар бусад донор орнууд, олон улсын байгууллагуудаас санхүүжилт авч эдийн засгаа өөд нь татна шүү дээ.

-Гэхдээ ОУВС-гийн болзлууд нь хүнд байна гэх юм?

-Жишээлбэл, бензин шатахуун дээр би нэмэхийн эсрэг байгаа. Гэхдээ тансаг зэрэглэлийн, өндөр үнэтэй машинуудад хийдэггүй бензиний татварыг оролдох-гүй орхичихож болно шүү дээ. Тэр А92, А95, А98 зэргийнх нь татварыг нэмчих. Ийм гарцуудыг бид харъя гэж байгаа. Архи, тамхины онцгой татварыг нэмэхэд татгалзаад байх юм алга. Намар төсвийн тодотгол хэлэлцэж байх үеэр орж ирэхэд нь эдийн засаг хүнд байхад татвар нэмэх нь дэмий юм байна гээд больцгоосон. Одоо тансаг хэрэглээний өндөр том жийпүүд дээр татвар нэмчих хэрэгтэй. Манай арилжааны банкуудын хадгаламж өндөр хүүтэй. Гэтэл тэр нийт хадгаламжийн 90-95 хувийг хадгаламж эзэмшигчдийн тавхан хувь нь бүрдүүлдэг. Тэр хамгийн их мөнгийг хадгалуулж байгаа хүмүүс дээр татвараа тавиад яв л даа. Хадгаламжийн хүүгийн орлогод татвар тавьж байгааг би зөв гэж бодож байгаа. Алийн болгон банкинд мөнгөө аваачиж өгөх юм бэ. Өөр бусад зүйл рүү, Хөрөнгийн бирж рүү орж эхлэг. Хөрөнгийн бирж рүү оруулах, Засгийн газрын бонд худалдаж авах гээд хүмүүс их захиалга өгч байна гэсэн. Энэ чинь зөв. Мөнгөө ганцхан арилжааны банкинд аваачаад тавьчихдаг. Хэдэн банк нь “пээдийгээд” суугаад байж болохгүй биз дээ. Бидний санхүүгийн хэрэгсэл болсон гол юмны чинь нийт 90-95 хувь нь арилжааны банкинд төвлөрчихөөд байна. Эдийн засгийг эрүүлжүүлэх талын юмнуудыг бид дэмжээд л явчих хэрэгтэй.

-Тансаг хэрэглээнд татвар нэмэгдүүлнэ ч гэдэг юм уу ялгавартай зүйл хийгээд эхлэхээр дундаж давхаргаа татах гэж байна, мөнгөтэй хүмүүсээ нүд үзүүрлэлээ гэдэг?

-Дундаж давхаргыг үгүй хийх гэж байгаа юм биш шүү дээ. Сүүлийн үед сэтгэл зовоож байгаа зүйл бол хүмүүсийн хоорондын амьдралын ялгаа хэтэрхий хол тасарч байна. Нэн ядуу, ядуу хүмүүсийн тоо их хэмжээтэй байгаа. Дээрээс нь тасарсан гээд байгаа хэт баяжсан хүмүүс болон энгийн иргэдийн орлогын зөрүү асар хол боллоо. Энэ бол сайны дохио биш. Тийм учраас нэн ядуу хүмүүсээ өөд нь татах талын юм бодох хэрэгтэй. Дундаж давхаргыг сайн бэхжүүлж явбал Монголын эдийн засаг, нийгэм сайжирна шүү дээ.

-Намрын чуулганаар жишээ нь халамжийн шинжтэй хуулиуд их баталсан. Одоо эргээд ОУВС-гийн болзлын дагуу халамжаа танах шийдвэрүүдийг гаргах болох нь. Цэргийн албан хаагчийн эрхзүйн байдлын тухай хуулиар нэлээд халамжийн шинжтэй зүйл өгөхөөр болсон. Түүнийг буцааж байгаа юм билээ?

-Би гишүүддээ ч бас хэлж байгаа. УИХ-ын гишүүн хууль санаачлахдаа нэлээд сайн бодох ёстой. Хүмүүст таалагдаж болно. Гэхдээ ихээхэн хэмжээний 200, 300 тэрбум төгрөгийн хууль санаачлах гэж байгаа бол тухайлбал, малчдын тэтгэврийн насыг наашлуулах гэх мэт ийм зүйлүүдийг Бүлэг дээрээ сайн ярьж, мэргэжлийн яамдуудаар нь тооцоог гаргуулаад төсөвт ямар хүндрэл учрах, үр дагавар нь ямар байх гэдгийг сайн ярилцаж баталж байхгүй бол болохгүй байна гэдэг л харагдаад байгаа юм. Түүнээсээ болоод хоёр гурван хуулиудын асуудал яригдаж байгаа. Миний хувьд хэрэгжүүлэх хугацааг нь жаахан хойшлуулчих хэрэгтэй юм болов уу гэж бодож байгаа болохоос хуулийг баталснаар нь үлдээх нь зөв байх. Түүнийг хүчингүй болгож болохгүй. Эдийн засаг сэргэх хүртэл хойш нь шидээд сэргэхээр нь хэрэгжүүлээд явъя гэдэг гарцуудаа хар гэж байгаа юм.

-Таныг Б.Гарамгайбаатартай харьцуулаад бичсэн нийтлэл гарсан байна лээ. Аль аль нь зам тавьсан байхад яагаад Б.Гарамгайбаатар шоронд орохдоо тулав аа гээд?

-Би Б.Гарамгайбаатарыг мэдэхгүй байна. Б.Гарамгайбаатар бол улсын төсвийн мөнгөөр зам тавьсан. Эргэн төлөгдөх нөхцөлтэй гэдгээр Лүнгийн замыг бид өөрийнхөө хөрөнгөөр тавьсан. Одоо хүртэл улсын төсвөөс үлдсэн мөнгөө авч чадаагүй, ийм л дампуу юм явж байгаа. Манайхаас хойш өөр өөрийнхөө хөрөнгөөр зам тавьдаг компани бол дахиж гараагүй. Энэ эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр зам тавих гэдэг асуудлыг нэг мөр цэгцэлж, болиулсан. Засаг төр нь өөрөө ийм шийдвэр гаргаж компаниуд нь тийшээ давхиж орсон нь буруу байжээ гэж бодогддог. Б.Гарамгайбаатар нэг км-ийг хэдэн төгрөгөөр тавина гэж аваад сүүлд нь хэд болгосон ч гэнэ вэ, янз бүрийн юм яриад байгаа шүү дээ. Мөнгө төгрөг идэж уусан байвал нэг өөр асуудал. Зүгээр тавих ёстой мөнгөнд нь замаа тавиад явсан бол бас өөр. Энэ чинь аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа явуулж байгаа асуудал шүү дээ. Намайг Б.Гарамгайбаатартай харьцуулдаг нь ямар учиртай юм, бүү мэд. Надад улсаас идэж уусан юм байдаг бол шалгаад гаргах хэрэгтэй. Тийм зүйл байхгүй шүү дээ. Намайг ер нь элдвээр зөндөө л хэлдгийг би тоохоо больсон. Өөрөө улс төр рүү ороод ирсэн хүмүүс чинь гоншгоноод гүйгээд байж болохгүй. 400 сая төгрөгөөр хот доторх уулзвар барина гэчихээд дөрвөн тэрбум төгрөг нэмж авсан гэнэ үү, иймэрхүү зүйлсийг шалга гэж байгаа шүү дээ. Сүүлд нь яагаад нэмчихэв, нэмэхдээ арав дахин нэмдэг нь ямар учиртай юм. Ингэж улсын мөнгийг замбараагүйтүүлж болдог юм уу гэдэг асуудлыг ярьж байгаа болохоос биш аль нэг аж ахуйн нэгжийг ямар нэгэн ажил хийснийг муу байна, сайн байна гэж ярьж байгаа юм байхгүй шүү дээ. Чингис бондын 1.5 тэрбум ам.долларыг юу юунд зарцуулсан юм бэ. Үнэхээр тендергүй, замбараагүй явсан байна, үнийг нь тав, зургаа дахин өсгөсөн байна гэдгийг АТГ, цагдаа сэргийлэх шалгаж байгаа юм байна лээ. Ийм зүйлсээ шалгаад явах хэрэгтэй.

Үндэсний шуудан сонин  -  Сэтгүүлч Ж.Баярсайхан
 



Үүсгэсэн: 2017-04-03 10:08

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..