Ардын их хуралтай болвол асуудал бүр хүндэрнэ

Хамаарах огноо: 2017-04-26 15:10

Ардын их хуралтай болвол асуудал бүр хүндэрнэ

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

 

-Та Үндсэн хуульд өөрчлөлт оруулах Зөвлөлдөх санал асуулга явуулах  ажлын хэсгийн гишүүний нэг.  Танд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар иргэдээс ямар санал ирж байна вэ?

 

-Би Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн засаг, захиргааны нэгжийн асуудлаарх дэд ажлын хэсгийг ахалж байгаа. Олон нийтээс санал ирж байна. Тэдний саналаас хэрэгтэйг нь тусгаж байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа сум, багийн ИТХ, Засаг даргыг сонгодог биш томилдог болгон өөрчлөх санал оруулж байгаа. Учир нь орон нутагт улстөржилт их байна. Гэр бүлийн эхнэр нөхөр хоёр энэ асуудлаас болж хоёр тийшээ харж суухад хүрч байна. Нөгөө талаас сум, багт аль олон хамаатан садан, ах дүүтэйн Засаг даргаар сонгогдож байгааг иргэд шүүмжилж байгаа.

 

-Хэлэлцүүлгийг 6  сэдвээр өрнүүлж байгаа. Таны хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах  сэдвүүдэд ямар байр суурьтай байна вэ?

 

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой. Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах эсэхийг парламентын гишүүдийн 57 гишүүн буюу 3/2-ын саналаар шийддэг. Өнөөдрийн парламентад энэ нөхцөл нь бүрдээд байгаа.  Хэлэлцүүлгийн тухайд 6 сэдвийн хүрээнд хийнэ. Миний хувьд энэ нь хэтэрхий олон зүйлийг хөндөж байна гэж бодож байна. Ер нь бол . Гэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа парламентат ёсыг  улам бэхжүүлэх, засаг, захиргаа гэсэн үндсэн гурван асуудлын хүрээнд л явахад болно. Хэлэлцүүлгийн үеэр бид орж ятгахаасаа илүү мэргэжлийн хүмүүс тайлбар хийх хэрэгтэй. Аль нэг талд  нь асуудлыг шийдэхдээ гол биш. Олон нийтэд зөв ойлголт өгөх үүднээс энэ хэлэлцүүлгийг явуулж байгаа ач холбогдолтой.

 

-АН-ын гишүүн Д.Дорлигжав Ерөнхийлөгчийн засаглалтай байх, Э.Бат-Үүл гишүүн Ардын их хурлыг байгуулах хэрэгтэй  гэсэн саналыг дэвшүүлж байна лээ. Үүнтэй хэр санал нэгдэж байна вэ?

 

-Манайх жижиг орон. Хоёр талдаа том хөршүүдтэй. Нэг нь миллиард  гаран, нөгөө талдаа 100 гаруй сая хүн амтай хоёр том гүрэнтэй хөршилсөн Монгол орны хувьд парламентын засаглалтай байх нь зөв гэж хатуу байр суурьтай байгаа. Ганц Ерөнхийлөгчийн засаглалтай байвал дарамтлуулаад дуусна. Муу ч, сайн ч 76 гишүүнтэй байгаа учраас 76 хүн хэлэлцэж, асуудлаа шийдэж байна. Том улс орнууд  76 хүнийг дарамталж, өөрсдийн талд шийдвэр гаргуулахгүй  байгаа нь  парламентын засаглалын давуу тал. Тийм учраас Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол Монгол Улс хөгжихгүй. Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол нэг хүнийг тахин шүтэх ажиллагаа явагдана. Ю.Цэдэнбал удирдагчаасаа харахад ч нэг хүнд бүх эрх мэдэл төвлөрөхөөр болдоггүй юм байна гэж яриад байгаа.

 

Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар судалгаа хийж, тухайн үеийн Ардын их хурлын протокол зэргийг заримаас  уншиж, танилцсан. Тэр үед ч зөрчилдөөн явагдаж байсан юм билээ. Ингэхдээ их хурал, бага хурал гэсэн танхимтай байсан. Гэтэл тэр үед хоорондоо зөрчилдөх асуудал их гарч байсан байна лээ. Шийдвэр гаргах гэхээр хоорондоо зөрчилдөж, хоёр тийшаа хараад суучихдаг байсан юм билээ. Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах асуудлаар судалгаа, тэр үеийн протокол зэргийг уншиж, судалж үзсэн юм.  Тиймээс өнөөдрийн 76 гишүүнтэй парламенттай байхаар Үндсэн хуулиа баталсан. Ер нь өнөөдөр 76 гишүүн ч хоорондоо асуудалд эсрэг тэсрэг байх сууринаас хандаж зөрчилддөг. Тэгээд ч өнөөдрийн 76 гишүүн, дээр нь төрийн албан хаагчид гээд төрийн  ачаалал их байгаа. Төрийн албан хаагчдыг цэгцлэх бодлогыг ч оруулж өгөх хэрэгтэй.

 

-Тухайн үеийн Ардын их хурал байх үед зөрчилддөг гэлээ.  Зөрчилдөөн  ихэвчлэн юунаас үүссэн байдаг бол?

 

-Манайд Ардын их хурал байсан. Тэр үед Ардын их хурлын төлөөлөгчид асуудалд итгэл үнэмшлээрээ ханддаг байсан мөртлөө асар их зөрчилдөөн гарч байсан. Бага хурлын гаргасан шийдвэрийг их хурал нь баталж өгдөггүй, хүчингүй болгочихдог гээд зөрчил их гарч байсан юм билээ. Одоо парламент  их, бага хоёр танхимтай  байвал асуудал бүүр хүндэрнэ.  Өнөөдөр төр бизнесийн томоохон асуудлыг шийддэг болсон энэ үед Ардын их хурал байх нь бүүр хэцүү хүндэрнэ.

 

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг нэмэгдүүлнэ гэж байгааг та дэмжиж байна уу?

-Ерөнхий сайдын зарим эрх мэдлийг нэмэгдүүлэх нь зөв. Гэхдээ Ерөнхий сайдад хэтэрхий их эрх мэдэл өглөө гэхэд хязгаарлалт хийж өгөх хэрэгтэй. Өнөөдөр Ерөнхийлөгч нь АТГ, Дээд шүүх, Улсын прокурорын даргыг томилж байна.

 

-Таны санаалчилсан Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан. Энэ хууль ажил олгогчдын зүгээс үүнд шүүмжлэлтэй хандаж байгаа тал анзаарагдсан. Хуулийн хамрах хүрээ хэр вэ?

 

-Хөдөлмөрийн мөлжлөгийг зогсоохыг зорьсон. Энэ хууль ихэвчлэн шинээр ажилд орж байгаа хүнд хамаатай. Ажил олгогч ажилд авч байгаа хүний цалинг өгөх ёстой. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс эхлээд тогтооно. Энэ хууль дэлгүүр, улирлын чанартай ажилладаг газрууд, тухайлбал барилга, аялал жуулчлал, харуул хамгаалалтын газар, цайны газар зэрэг үйлчилгээний байгууллагуудад хамааралтай. Ажил олгогчийг цалингүй ажиллуулчихдаг. Тэгээд цалин олгодоггүй. Гэрээ байгуулаагүй учир хохироод үлддэг. Тиймээс л хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой гэсэн заалтыг оруулж байгаа юм. Энэ хуулийг батлахдаа ХНХЯ, МҮЭ-ийн хороо, хуульчдаас санал авсан. Энэ хууль ганцхан туршилтаар ажиллах асуудалд хамааралтай биш. Цагийн ажил, дадлагажих асуудлыг оруулж өгсөн. Хөдөлмөрийн хуульд энэ талаарх заалт бүрхэг байсан.

 

Үндсэн ажлаас гадна цагаар очиж багшлах зэргээр манайхан цагийн ажил хийдэг. Үүнийг хуулиар баталгаажуулж, хамгаалж өгсөн. Нэг хүнд өдөрт гурван газар ч цагаар ажиллаж болно. Цагаар ажиллах гэдэг зөвхөн оюутнуудын асуудал биш. Ажил олгогч, ажилтан хоёрын харилцааг зохицуулж өгч байгаа.

 

-Хууль зөрчсөн тохиолдолд торгуулийн хэмжээг болгож нэмсэн нь ажил олгогчдыг бухимдуулж байх шиг байна?

 

-Хариуцлагыг нь өндөржүүлж байгаа юм. Би ч гэсэн ажил олгогч. Ажилд хүн авсан бол цалинг нь өг, хөдөлмөрийн гэрээ хий. Түүнээс бус гэрээ хийхгүй амаар ярьчихаад цалинг нь олгохгүй байж болохгүй.  Ажил хайгчид Хөдөлмөрийн биржээр дамжихгүй ихэвчлэн зарын дагуу хайж олж ирдэг. Ингэхээр хууль эрхзүйн хамгаалалт  байдаггүй. Түүнээс биш хүний хувийн аж  ахуйд халдсан зүйл биш. Маш бага хэмжээний торгууль тавибал хууль хэрэгжихгүй. Гэхдээ үүнийг Зөрчлийн тухай хуулиар багасах зохицуулалт байгаа юм билээ.

  

                                                                                                                                                                                                                                                   Шууд.мн - Сэтгүүлч Н.Энхлэн 


Үүсгэсэн: 2017-04-26 15:10

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..