Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Хамаарах огноо: 2018-04-02 12:39

Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир миний бие Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүсэлтийнх нь дагуу  өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Дэлхийн банкны Хөгжлийн эдийн засаг, хөрөнгө оруулалтын ерөнхий захирал Дипак Мишра Монгол Улсыг хариуцан шинээр томилогдсонтойгоо холбогдуулан эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсох, санал солилцох зорилгоор уулзах хүсэлт гаргасан юм.

Монгол Улсын эдийн засаг, төсөв, санхүүгийн өнөөгийн нөхцөл байдал болон барьж буй бодлого, цаашдын чиг баримжааны талаар өргөн хүрээтэй мэдээлэл өгсөн. Тухайлбал, УИХ-аас эдийн засгийг сайжруулах чиглэлээр авч буй арга хэмжээний талаар өгсөн мэдээлэлдээ 2018 оны төсвийн алдагдлыг найман хувьтай баталсан, 2017 оны төсвийн орлого давж биелсэн, эдийн засаг өсөлттэй гарсан, банкны салбарын суурь хуулиудыг шинэчлэн баталсан тухай мөн ирэх хаврын чуулганаар хэлэлцэх асуудлуудын талаар танилцууллаа.


                                                     

Мөн урт хугацаатай, хүү багатай хөгжлийн зээлээр санхүүжих төсөл, хөтөлбөр болон эдийн засагт хувь нэмрээ оруулах томоохон төслүүдийн санхүүжилтийн талаар мэдээлэл өглөө. Дэлхийн банкны Хөгжлийн эдийн засаг, хөрөнгө оруулалтын ерөнхий захирал Дипак Мишрагийн тавьсан асуултад хариулт өгөн, санал солилцлоо.

Ноён Дипак Мишра Дэлхийн банкнаас улс орнуудад зээл, санхүүжилт олгохдоо дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх Засгийн газрын өрийн хэмжээг чухалчлан үздэгийг тэмдэглэж, өрийн хэмжээг зохистой түвшинд барих  талаар саналаа хэлэв.

Уулзалтын төгсгөлд Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер бөгөөд суурин төлөөлөгч Жэймс Андерсон ирэх дөрвөн жилийн стратегийн баримт бичгээ боловсруулж буйтай холбогдуулан  аль салбарт дэмжлэг шаардлагатайг тодруулсны хариуд үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэхэд анхаарч, хувийн хэвшлийн сайн төслүүдийг дэмжиж хөрөнгө оруулах хүсэлт тавилаа.


Үүсгэсэн: 2018-04-02 12:39

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..