Д.Дамба-Очир: Туршилт нэрээр цалингүй ажиллуулж, хөдөлмөрийн мөлжлөг хийдгийг болиулна

Хамаарах огноо: 2017-04-25 11:36

Д.Дамба-Очир: Туршилт нэрээр цалингүй ажиллуулж, хөдөлмөрийн мөлжлөг хийдгийг болиулна

Түгээх    

dambaochir

УИХ-ын чуулганы хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очиртой ярилцлаа.

-Одоо мөрдөгдөж буй Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа туршилтын хугацааг зохицуулжээ. Туршилт нэрээр цалингүй ажиллуулдаг байдлыг халлаа гэж ойлгож болох уу?

-Өнөөдрийн хэрэгжиж байгаа Хөдөлмөрийн хуульд нэмэлт, өөрчлөлтүүд орсон. Ингэхдээ дадлагажих, цагаар ажиллах, туршилтын хугацааг хуульчилж өгсөн. Хөдөлмөрийн хуульд энэ заалтуудыг нарийвчилж тусгаагүйгээс болоод хоёр, гурван сар хүмүүсийг ажиллуулчихаад “Чи ажилд тэнцэхгүй байна” гээд явуулчихдаг. Энэ хугацаанд ямар нэгэн цалин өгдөггүй. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн хуулийн өөрчлөлтөөр ажил олгогч нь ажилтантайгаа хөдөлмөрийн гэрээ хийх юм. Тэр хоёрын хоорондын хөдөлмөрийн харилцааг хуулиар зохицуулж өгч байгаа. Жишээ нь, тухайн ажил олгогчийн тавьсан шаардлагад тохирохгүй байж болно. Гэхдээ туршилтын хугацаанд ажиллуулахдаа гэрээ байгуулаад, хамгийн багадаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулаад, тэрнээс дээш тохирч цалин өгөх асуудлыг хуулинд тусгасан. Ажилд авсан л бол тэр хүнийхээ өмнө үүрэг хүлээх ёстой. Сүүлийн үед цалингүй гурван сар ажиллуулаад “Та манайд тэнцэхгүй байна” гээд явуулчихдаг, дараагийн хүнийг яг ийм замаар ажиллуулдаг. Энэ нь бараг бизнес болчихсон байна. Өөрөөр хэлбэл, хүнд цалин өгөхгүйгээр, тэр хүний хүчийг ашиглаж байна гэсэн үг. Энэ хуулиар түүнийг зохицуулж өглөө.  

-Сургуулиа төгсөөд ажилд орж байгаа ч юм уу, ажил идэвхитэй хайж байгаа залуучуудад хэрэгтэй хууль болсон гэж ойлголоо?

-Энэ хуулиар дөнгөж залуу, ажил орж байгаа хүмүүсийг хамгаалж байгаа юм. Өөрөөр хэлбэл, залуучууд ажил хайж, хайж ордог, орчихоод цалин авахгүй ажиллаад байхаар шантарна шүү дээ. Энийг цэгцлэх үүднээс энэ хуульд өөрчлөлт оруулсан. Дөнгөж их, дээд сургуулиа төгссөн залуучуудыг байгууллагууд ажилд авахдаа дургүй, авлаа ч гэсэн туршилтын хугацаанд эхэлж ажиллуулдаг. Ингэхдээ гэрээ байгуулж, цалин өгөхийг нь хуулиар зохицуулж байгаа юм.

-Гэрээ байгуулчихаад цалингүй ажиллуулж болохгүй юм байна, тийм үү?

-Цалингүй ажиллуулж болохгүй. Гэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээс дээш цалинжуулах ёстой. Цалин өгөхгүйгээр хөдөлмөрийн мөлжлөг хийдгийг болиулж байгаа юм.

-Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллах үед энэ төрлийн гомдол хэр их байсан бэ?

-Их ирдэг юм байна. Лангуу ажиллуулдаг, зуны улиралд барилга, аялал жуулчлал, бар, ресторанд ажилладаг хүмүүс, сэтгүүл зүйн салбарт гээд олон газарт ийм гомдол мэдүүлж байна.

-Хуульд туршилтын хугацааг заасан уу?

-Зургаан сар байсныг гурван сар болгосон.

-Цагаар цалинжих асуудлыг яаж зохицуулж байгаа юм бэ?

-Цагаар цалинжих гэдэгт оюутан хүүхдүүдийг хамруулж болохгүй. Багш, эмч нар ч гэсэн цагаар цалинждаг. Үдээс өмнө улсын эмнэлэг, сургууль дээрээ, үдээс хойш хувийн эмнэлэг, сургууль дээр ажилладаг. Хоорондоо тохироод л явж байгаагаас биш ямар нэгэн байдлаар зохицуулагдсан зүйл байхгүй. Үүнийг хамгаалж, баталгаажуулж өгч байгаа юм.

-Сүүлийн жилүүдэд цагийн ажил их хийдэг болсон. Гэхдээ цалин хөлс нь бага байдаг гэх гомдол байдаг. Хуулинд мөнгөн дүнг тусгасан уу?

-Бид цагийн ажил гээд яриад байснаас биш Хөдөлмөрийн хуульд нэр томьёо нь байхгүй. Яг юу юм бэ гэдгийг нь тодорхой болгосон. Цагаар ажиллаж байгаа хүмүүс ажил олгогчтойгоо хэрхэн тохирох вэ гэдгийг зохицуулсан. Мөн мужааны хоёрдугаар зэрэгтэй хүн ч юм уу, сувилагч хүн цагийн ажил хийх гэж байгаа бол ижил төрлийнх нь ажлын жишгээр цалинжуул гэдгийг хуулинд суулгачихсан. Ажил олгогчид ч ойлгомжтой, ажилтанд ч ойлгомжтой байгаа.

-Дадлагажих хугацааг яаж зохицуулсан бэ. Тухайн байгууллагад дадлага хийлээ гэж бодоход бас гэрээ байгуулах юм уу?

-Гэрээтэй байж болно, тухайн байгууллагатайгаа тохирч болно, эсвэл цалинтай ч байж болно. Анхнаасаа л тохирч, бичгээр үйлдэх ёстой. Хоёр талаасаа гарын үсэг зураад явах ёстой. Энэ хуулийг боловсруулахад Засгийн газраас, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны мэргэжилтнүүд оролцсон, дээрээс нь Ажил олгогчдын холбоо, үйлдвэрчний холбоо, Үндэсний Аж үйлвэрийн танхим, хуульчид ажилласан. Амьдралд ойр хэрэгжиж явах учраас аль болох алдаа, оноо багатай хууль боловсруулахыг зорьсон.

-Хөдөлмөрийн гэрээ байгуулаад, нэг хувийг нь заавал ажил олгогчдоо өгөх ёстой юм байна. Хэрэв өгөөгүй тохиолдолд ажил олгогчид хариуцлага тооцно гэжээ. Энэ  талаар юу хэлэх вэ?

-Ажил олгогч дээр хуучин 50-100 мянга гэж байсныг нэмээд 500-гаас нэг сая төгрөг хүртэл болгосон. Торгуулийн хэмжээг ихдүүлчихлээ гэдэг зүйл ярьж байгаа. Гэхдээ Зөрчлийн хууль батлах гэж байгаа. Энэ хуулинд оруулаад хэмжээг нь багасгаад явж болох юм байна гэж ойлгож байгаа.

-Хууль хэзээнээс хэрэгжих вэ?

-Батлагдсан хууль “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдсэнээс хойш арав хоногийн дараа хэрэгжиж эхэлнэ. Үндсэндээ тавдугаар сараас хэрэгжиж эхэлнэ гэсэн үг.

-Иргэд хуулийн талаар сайн мэдээлэлгүй, дээрээс нь ажил олгогч нар иргэдийг хуулийн мэдлэггүйгээр нь далимдуулах асуудал их гардаг. Аль аль талд нь хуулийн мэдээллийг хэрхэн хүргэх вэ?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл өгч байна. УИХ-ын Тамгын газар болон хууль сурталчлах газрууд энэ хуулийг сурталчлах талаар ажиллана. Хөдөлмөрийн хууль бол том хууль. Энэ хуульд орсон гурван зохицуулалтыг иргэд өөрсдөө судлах, ажил олгогч нар хариуцлагаа ухамсарлах ёстой.

 

Мэдээ.мн сэтгүүлч - Ж.ГАНАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.ЭНХТАЙВАН


Үүсгэсэн: 2017-04-25 11:36

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..