Польшийн Сеймийн төлөөлөгчдийг УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Д.Дамба-Очир хүлээн авч уулзлаа

Хамаарах огноо: 2018-05-21 16:37

Польшийн Сеймийн төлөөлөгчдийг УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Д.Дамба-Очир хүлээн авч уулзлаа

Манай улсад айлчилж байгаа Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн гишүүн, Сейм дэх Польш-Монголын парламентын бүлгийн дарга Марек Жонса тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Олон жилийн түүхэн харилцаатай Монгол, Польшийн хамтын ажиллагаанд парламент хоорондын харилцаа чухал байр суурь эзэлсээр ирсэн билээ. Энэхүү харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь чухал ач холбогдолтой юм. Энэ оны сүүлчээр Варшав хотноо хуралдах Монгол, Польшийн парламентын комиссын хуралдаан хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа болон хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой болох юм. Өнгөрсөн онд шийдвэрлэсэн Польш Улсаас авах 50 сая еврогийн зээлээр нийгмийн шинж чанартай чухал төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх болно. Түүнчлэн амжилттай хөгжиж буй батлан хамгаалах салбарын харилцааг цаашид өргөжүүлэх, харилцан мэдээлэл солилцох хэлэлцээрийг ойрын үед байгуулах нь чухал юм.

Ноён Марек Жонса хоёр орны парламент дахь бүлгүүд идэвхтэй хамтран ажиллаж байгааг онцлоод, “Айлчлалын үеэр эдийн засаг, батлан хамгаалах, боловсролын зэрэг салбарын хамтын ажиллагааны асуудлаар Монголын талтай санал солилцоно. Түүнчлэн манай талаас санал болгож буй хэд хэдэн асуудлыг хөндөж ярилцахаар төлөвлөж байна” гэв.

Уулзалтад БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Михал Лабенда, Сеймийн гишүүн Барбара Хробак, Элжбета Стенпень, Иоанна Фридрих, Кажимеж Гвяздовски нарын зэрэг албаны хүмүүс байлцлаа.


Үүсгэсэн: 2018-05-21 16:35

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..