УИХ-ын хурлын гишүүн Д.Дамба-Очир тойрогтоо дахин ажиллалаа

Хамаарах огноо: 2016-12-14 13:31
Д.ДАМБА-ОЧИР: “ГЭР ХОРООЛЛЫН ӨРХҮҮДИЙН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ҮНЭ ЦЭНЭТЭЙ БОЛНО”

УИХ-ын хурлын гишүүн Д.Дамба-Очир 9-р сард тойрогтоо ирж иргэд сонгогчидтойгоо уулзсан бол энэ удаад Орхон аймгийн Засаг дарга, ИТХын төлөөлөгчидтэй уулзаж ажил байдалтай танилцах, чиглэл өгөх, “МОН2301” төслийн дараагийн шат үргэлжлэх болсонтой холбогдуулан “Эрдэнэт Ус” ТӨХК-ийн инженерүүдтэй уулзаж төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээлэл авч санал бодлоо солилцох, мөн хуримтлалын бүлгүүдтэй уулзах гэхчлэн хэд хэдэн чиглэлийн дагуу тойрогтоо дахин ажиллалаа.


    УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Хямралыг даван туулах хөтөлбөрийн ажлын хэсгийг ахлан, мөн 2017 оны Улсын төсвийн ажлын хэсгийг ахалсантай холбоотойгоор тун завгүй байсан хэдий ч ийнхүү тойрогтоо хэрэгжүүлэх хөтөлбөрүүдэд ач холбогдол өгч ажилласан юм.

    Хуримтлалын бүлгүүд нь иргэд өөрсдөө хуримтлал бий болгож гудамж, нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах, тоглоомын талбай, гүүр барих, амьжиргааны түвшинээс доогуур орлоготой иргэдийн байр байшинг засаж сэлбэх, хог хаягдал зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдэхэд төсвөө зарцуулдаг байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Орхон аймгийн Хуримтлалын бүлгүүдтэй уулзаж санал бодлыг нь солилцон хамтарч ажиллах шийдвэрт хүрлээ.


 Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “МОН2301” төслийн дараагийн шат болох “Ундны усны хангамжийг айл бүрт хүргэх” хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсонтой холбогдуулан холбогдох мэргэжлийн байгууллагуудтай уулзаж гарч болох хүндрэл, тооцоо судалгаан дээр хамтран ажиллалаа. Энэхүү төсөл үргэлжилснээр гэр хорооллын айлуудын амьдрах орчин нэлээдгүй сайжирч, устай болсноор халаалт, эрүүл мэнд, эдийн засгийн үр өгөөж нь сайжрахаас гадна үл хөдлөх хөрөнгө нь үнэ цэнэтэй болох юм. Бүгд орон сууцны хөтөлбөрт хамрагдана гэхээсээ өөрийн гэсэн өмчилсөн газартаа тав тухтай амьдрахыг илүүд үзэж буйгаа тойргийн иргэд өмнөх уулзалтуудад хэлж байсан билээ.


   Мөн өмнөх 9-р сарын уулзалтаар Даваат багийн 17-р сургуулийн аж байдалтай танилцсаны дагуу сургуулийн хамт олны хүсэлтийг харгалзан үзэж 42 инчийн телевизор хоёр ширхэг, чанга яригч, микрофон зэрэг иж бүрдлийг захирал Ц.Болдсүхд гардуулсан юм.

 Тойрогтоо ажиллах хугацаандаа эрхэм гишүүн өөрийн бие төлөөлөгчийн газрын ажил байдал, иргэдийн санал хүсэлттэй танилцаж заавар чиглэл өгснөөс гадна хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан уламжлал ёсоор ахмадууддаа нүүрс тараах ажлыг ойрын үед шийдэх тухайгаа хэлж шаардлагатай судалгаа гаргахыг мөн бие төөлөгчдөө даалгалаа.



    Мөн ИТХ-д сууж 2017 оны төсвийн талаар цаашдаа барьж ажиллах бодлого чиглэлийг өгч санал бодлоо солилцлоо. ИТХ-д тавигдаж байсан асуудлуудаас Дулааны цахилгаан станцын үнсэн сан дүүрч байгаа тулгамдсан асуудлыг нэлээдгүй хөөцөлдсөний эцэст энэ оны төсөвт суулгах боломжгүй ч Сангийн яаманд үүрэг даалгавар өгсний дагуу гадаадын зээл тусламжаас санхүүгийн эх үүсвэр гаргах гарц, шаардлагатай бол Төсвийн тодотголд суулгах талаар УИХ-ын гишүүдийн дэмжлэг авах боломж бүрдсэн таатай мэдээг дуулгаснаар энэ удаагийн уулзалт өндөрлөлөө.

    Ирэх нэгдүгээр сард Эрдэнэт хотынхоо залуустай нэгдсэн уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Иргэд сонгогчидтой уулзах уулзалтуудад залуус бараг ирдэггүйгээс гадна, залуусын дуу хоолой санал бодлыг орхиг-дуулахгүйн үүднээс энэ арга хэмжээг зохион байгуулах болсноо хэлж байлаа.


Үүсгэсэн: 2017-03-28 13:30

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..