Туршилтаар ажиллуулах нэрийн дор цалингүй ажиллуулдаг байдлыг зогсооно

Хамаарах огноо: 2017-02-02 11:16

  -Таны өргөн барьсан Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах        хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатандаа явж байна. Энэ өөрчлөлтөөр ямар     зохицуулалт хийхээр болж байгаа вэ?

-Хөдөлмөрийн хууль том хууль. Гурван удаа эргэж буцаад одоо дахин өргөн барьж байгаа юм билээ. Миний өргөн барьсан нэмэлт, өөрчлөлт бол арай өөр л дөө. Амин сүнс нь ажил олгогч, ажилтан хоёрын хоорондох хөдөлмөрийн эрхзүйн зохицуулалтыг зохицуулж өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл ажилд хүн авчихаад туршилтын хугацаа нэрийн дор хоёр, гурван сар ажиллуулаад цалин өгөлгүй “чи таалагдахгүй байна” гээд хөөгөөд явуулчихдагийг л болиулж байгаа хэрэг.

-Тэгэхээр туршилтын хугацааг алга болгож байгаа хэрэг үү?

-Туршилтын хугацаанд ажиллуулж болно. Гэхдээ гурван сараас илүүгүй байна. Энэ хугацаанд ажиллуулахдаа заавал хөдөлмөрийн гэрээ хий гэж байгаа юм. Мөн дор хаяж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүйгээр цалинжуулах хэрэгтэй. Ер нь туршилтаар ажиллуулаад цалин өгөхгүй байгаа явдал гол төлөв үйлчилгээний салбарт тухайлбал, ресторан, баар, дэлгүүр, ломбард, цайны газар, худалдааны лангуунуудад гардаг юм билээ. Хэр ажиллахыг нь харж байж авна гэж ажиллуулаад дараа нь зүгээр явуулчихдаг. Ихэнхдээ жижиг аж ахуйн нэгжүүд дээр ийм асуудал гараад байгаа. Томоохон аж ахуйн нэгжүүдийн нийгмийн болоод ажилчдынхаа өмнө хүлээж байгаа хариуцлага бол арай өөр байдаг. Сүүлийн үед бүр дэлгэрэх маягтай болчихлоо. Цалин өгөхгүй, хөдөлмөрийн гэрээ хийхгүй байна гэдэг чинь нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал гээд бүгдийг нь төлөхгүй гэсэн үг. Тэгэхээр аж ахуйн нэгжийн эздийг хариуцлагатай болгож хүн ажил­луулж байгаа бол цалинг нь өгдөг, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нь төлдөг болгох байгаа юм.

-Цагийн ажлыг хэрхэн зохицуулж байгаа бол?

-Энэ хуулиар цагаар ажиллуулах зохицуулалтыг сайн тодруулж өгсөн. Одоо бол ийм зохицуулалт Хөдөлмөрийн хуульд байхгүй. Жишээ нь оюутнууд цагийн ажил хийсэн бол оройдоо хөлс мөнгөө авдаг байна. Мөн ажил олгогч эрхлэгч цагийн ажилтны цалинг өгөөгүй бол ямар хариуцлага хүлээх гээд хариуцлагыг нь зохицуулж өгсөн. Ингэснээр хөдөлмөрийн гэрээ хийгээгүй ч гэсэн ажил олгогч хариуцлага хүлээх боломжтой болох юм. Энэ зүйлүүдийг зохицуулж өгөхгүй бол залуус ажилд орохоор очоод нэг, хоёр сар ажиллаад цалин авч чадахгүй болохоор ажил хийх сонирхолгүй болж байна. Өөрөөр хэлбэл итгэл алдарч, итгэл үнэмшилгүй болж байгаа юм. Үүнийг зохицуулах үүднээс л энэ хуулийг өргөн барьсан. Цагийн ажлын хувьд манай улсад төлөвшиж, жигдрээгүй байна. Түүнээс  Герман, Солонгос, Англи зэрэг оронд олон монголчууд, оюутнууд цагийн ажил хийж байгаа. Цалин хөлсний хувьд ч ямар нэгэн асуудал гардаггүй. Хэрэв найман цаг ажилласан бол тухайн ажил олгогчтойгоо тохиролцсон тэр хөлс мөнгөө аваад л явна. Мөн гаднын улсад цагийн ажилчнаар тогтвор суурьшилтай ажиллах хүмүүсээ голлон авдаг. Өдөртөө ажиллачихаад маргааш ирэхгүй гэх юм байхгүй. Сургууль соёлд сурангаа нэг газраа хоёр, гурван жилээр ч цагийн ажил хийнэ шүү дээ.

-Хэрэв туршилтаар ажиллуулж байна гэж байгаад цалин өгөхгүй явуулчихсан бол тухайн хүн хаана хандаж хохирлоо барагдуулах боломжтой бол. Мөн зөрчил гаргаж бусдын хөдөлмөрийн хөл­сийг өгөөгүй хүнд ямар хариуцлага тооцох вэ?

-Хэрвээ туршилтын хугацаанд хүн ажиллуулах гэж байгаа бол хөдөлмөрийн гэрээ хий гэсэн шаардлага тавьж байгаа юм. Ажил олгогч үүрэг хүлээгээд гарын үсэг зурчихсан, тамга дарчихсан. Нөгөө талдаа гарын үсэг зурсан ажилтан гээд эрх зүйн баримт байх юм бол үүнийгээ бариад шүүхэд хандах ч нээлттэй болно шүү дээ. Өөрөөр хэлбэл хөдөлмөрлөх, цалин­гаа авах эрхийг нь хамгаалах баримт нь болно. Үүнийг л бид хийж байна. Сонгуулийн үеэр иргэд гол төлөв үйлчилгээний салбар буюу ресторан, паб, дэлгүүр хоршоонууд ийм асуудал гаргадаг талаар хэлж байсан. Дээр нь барилгын салбарт туршилтаар ажиллуулаад цалин өгдөггүй асуудал их гараад байгаа. Зуны улиралд туслах ажилтан гэж аваад туршилт нэрийн дор аваад цалин өгөхгүй байх жишээтэй. Тиймээс хэрэв туслах, түр ажилтан авсан бол гэрээ хийж, ядаж цалингийн доод хэмжээгээр цалинжуулах хэрэгтэй. Хэрэв гэрээ хийгээгүй бол ажил олгогч хариуцлага хүлээнэ. Дээрээс нь бас торгуультай. Хариуцлагыг сайжруулах үүднээс тор­гуулийг нь нэмсэн.

-Тодруулбал?

-Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ хийлгүйгээр хүн хохироосон бол 50-100 мянган төгрөгөөр торгодог байсан. Үүнийг нэмэгдүүлж 500 мянгаас сая төгрөгөөр торгохоор оруулж байгаа. Торгуулийн хэмжээг өндөрсгөснөөр хариуцлага нэмэгдэнэ гэж бодож байна. Гэхдээ үүнийг эргэж харж торгуулийг нь багасгаж болно. Гэхдээ л ажил олгогч хариуцлагатай байх ёстой. Хүн ажилд авч байгаа бол тэр хүний өмнө хөдөлмөр хамгаал­лийн талаас нь хариуцлага хүлээ гэж байгаа. Хөдөлмөр хамгааллын хувцсыг нь өмсүүлж, зааварчилгаа өгөх ёстой. Дээрээс нь цалин өгч, нийгмийн даатгалыг нь төлөх хэрэгтэй. Өөр арга байхгүй шүү дээ. Тэгэхгүй бол та заавал хүн ажилд авах хэрэггүй. Одоогийн замбараагүй, зэрлэг ийм нөхцлийг болиулах ёстой. Зохицуулалт байхгүйгээс хуулийн цоорхойг ашиглаад байна шүү дээ. Нэг хүн туршилт нэрийн дор хоёр сар ажиллуулаад л цалин өгөлгүй хөөгөөд явуулчихдаг. Энэ мэтээр таван хүн ажиллуулахад нөгөө нөхөр бүтэн жил хэнд ч цалин өгөхгүй болоод байдаг юм байж болохгүй. Цалин өгөхгүй гэдэг чинь түүнийгээ дагаад нийгмийн даатгал бүгдийг нь төлөхгүй гэсэн үг. Хөдөлмөрийн гэрээ хийхгүй сайхан амалж “Цалинг чинь өгнө, чамайг харж туршиж байгаад болно” гэдэг үгэнд нь хууртаад ажилладаг. Гэтэл цалин өгдөггүй. Хуульд нарийн тусгаж өгөөгүйгээс цоорхойг нь ашиглаад хэсэг хүмүүс бусдын хөдөлмөрийг мөлжиж, заль хэрэглээд байгаа юм.

-Тэгэхээр туршилтаар ажиллуулж байна гээд цалингүй явуулдаг байдлыг таслан зогсоох нь гэж ойлголоо?

-Тийм. Мөн хэд хэдэн зохицуулалтыг хийж өглөө. Дадлага хийхэд, цагаар ажиллахад, туршилтаар ажиллавал яах юм бэ гэдэг зохицуулалтыг нарийн болгож өглөө. Дээр нь хүн ажилд авахдаа ажил олгогч түүний өмнө ямар ямар үүрэг хүлээх юм гэдгийг зохицуулсан.

-Дадлагын талаар та дурдаж байна. Их, дээд сургуулийн оюутнууд байгууллагуудад дадлага хийхдээ бас цалингийн доод хэмжээгээр урамшуулал авна гэсэн үг үү?

-Дадлага дээр бол цалингийн талаар байхгүй. Тухайн дадлагажигч байгууллагатайгаа тохиролцоод л явна. Дадлагыг оюутнууд цалин мөнгө гэлгүйгээр сурч авах үүднээс хийдэг. Зарим нь цалин мөнгөө тохиролцоод явдаг. Үүнийг тохиролцох юмнуудыг нь үлдээж өгч байгаа. Өөрөөр хэлбэл ажил олгогч, ажилтан хоёрын хоорондох цагаар ажиллагчтай адилхан. Оюутнуудын дадлагажих хугацаа богинохон учраас заавал цалингийн шаардлага тавихгүй.

-Цагийн ажлын цалин янз бүр байдаг. Түүн дээр анхаарсан уу?

-Ер нь бол нийтлэг жишгүүд байдаг юм билээ. Цагийн ажил учраас хоорондоо л тохиролцоно. Төрөөс тэд болго гэж хэлэхэд хэцүү. Харин туршилтын хувьд хүмүүсбүтэн сараар ажиллаж байгаа учраас дор хаяж 240 мянган төгрөгийн цалин авах ёстой гэж үзсэн.

-Туршилтаар ажиллах хугацаанд нь ажил олгогч заавал нийгмийн даатгалыг нь төлөх ёстой?

-Энэ чинь ажилласнаар тооцогдоод явж байна л гэсэн үг. Туршилтын хугацаанд ажил хийсэн үү хийсэн. Бас амьдрал дээр тухайн хүнийг харж байж ажиллуулах эсэхээ шийддэг юм бий. Гэхдээ заавал цалинжуулах хэрэгтэй. Хэрвээ тэр хүн сарын хугацаанд сайн сурсан бол жинхлээд явчихна. Хувийн компани бол сайн ажиллаж байгаа хүнийг халах, солих бодолгүй шүү дээ. Ажлаа бодоод аваад үлдэнэ.

-Хуулиар заавал гэрээ хий гэж цалингийн доод хэмжээгээр цалинжуулдаг болгох юм байна. Нөгөө талаас бас заавал гэрээ хийх ёстой шүү гэдгийг нэлээд сайн сурталчлах ёстой юм байна даа?

-Хохирч байгаа хүмүүс бол ихэнх нь хөдөлмөрийн биржээр дамжаагүй дандаа зарлалын дагуу очсон байдаг. Сонин, телевизээр явж байгаа зарыг ч юм уу хараад хүн очиж хохироод байгаа юм. Хөдөлмөрийн биржээр дамжих юм бол хуулийнхаа дагуу ийм шүү, тийм шүү хэлж ярьж өгнө. Хуулийн төслийг өргөн бариад хэлэлцэх эсэхийг нь шийдээд эхний хэлэлцүүлэг нь явж байна. Удахгүй хууль батлагдах байх. Энэ ганцхан манай тойргийн биш нийгэмд болохгүй байгаа асуудлыг шийдэж байгаа амьдралын дагуу урган гарч ирж байгаа зүйл. Үүнийг даруйхан шийдэж ийм асуудал аль болох бага гаргах л ёстой юм. Бидний хууль санаачилдаг гол шалтгаан нь ерөөсөө л энэ л байдаг. Нийгмийн зохицуулалтыг нь зөв хийж хүмүүс нь эвтэй, тавтай аятайхан нөхцөлд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлж өгөх шүү дээ. Нарийн яривал би өөрөө ажил олгогч байсан хүн. Миний хувь эзэмшдэг компанид олон хүн ажилладаг. Тэнд ийм асуудал гардаггүй. Миний хувьд ажил олгогч нарыг дарамтлаад, тэднийг хүнд байдалд оруулаад байх бодол алга байна. Том компаниуд бол ямар ч асуудалгүй явж байгаа. Харин зарим жижиг аж ахуйн нэгж, барилгын салбарт зуны улиралд ихээхэн ийм асуудал гардагыг сонгогчид хэлдэг. Хэрвээ цалинг нь өгөхгүй бол хүн сүүлдээ шантарна. Түүнээс биш ажлаас зугтаадаг хүн байхгүй шүү дээ. Хэн ч гэсэн эцэг, эхээсээ гуйгаад байхгүй өөрийн гэсэн ажилтай цалинтай, халаасандаа мөнгөтэй явахыг бодно. Тэгээд ажилд ортол нөгөөх нь цалин мөнгийг нь өгөхгүй байхад хэцүү шүү дээ. Тиймээс зохицуулалттай болгож өгч байгаа хэрэг юм.

Үндэсний шуудан сонин сэтгүүлч Ж.Баярсайхан 

2017.02.02


Үүсгэсэн: 2017-03-28 11:16
Мэдээллийг ачааллаж байна ..